ТА МИНИЙ БЛОГИЙН 27695 ДАХЬ ЗОЧИН

Арвангурав.***

Петер энэ удаа өөрийн авхаалжаар дахин намайг гайхуулав. Тэр завины тавцан дээр байсан том бүтээлэг даавууг авч завины кабины оройгоос дээш цоройх төмөрт бэхлэж эхэллээ. Бид ч удалгүй түүний юу хийх гэж байгааг ойлгож түүнд туслаж эхэллээ. Энэ удаад бид анх удаа гар аргаар Монголын далбаат завийг босгож эхлэв. Даавууг гурвалжилж татсанаар салхи ч үнэхээр даавууг пөмбийлгөн үлээж эхлэх нь тэр. Онгоц салхины чигийг даган хошуугаа эргүүлж эхлэх үед бид бүгд баярлан хашгиралдаж байлаа. Үнэхээр бид яагаад өмнө нь үүнийг сэтгэсэнгүй вэ гэж бодоход хүрч байлаа. Бид баярласандаа илүү яриа хөөрөөтэй болж, Петерийг хөлгийн даргаар сонголоо. Петер ч дүрдээ хувиран хар өнгийн алчуураар өрөөсөн нүдээ даран боов. Энэ удаа түүнийг харахад компьютерийн марио шиг биш харин далайн дээрэмчдийн ахлагч шиг болж хувирсан байлаа. Майк анх ирэхдээ л өөрийн гэсэн стильтэй байсан тэр эрчээ алдахгүй Америкийн далбаатай алчуураар толгойгоо боосон байлаа. Бид хөлгийн тавцан дээр бие, биенийхээ зургийг авч хэсэг хөгжилдөөд удалгүй ядарч кабинд орон сууцгаалаа. Удалгүй 2 цаг орчим хугацаа өнгөрөхөд бид эрэгт овоо ойртож ирсэн байлаа. Үе, үе жуулчид кабинаас гарч ирэн төмөр мод цохиж чимээ гаргаж байлаа. Биднийг хийсэн ажилдаа урамшин, тайвшраад сууж байх үед Женни эрэг рүү дурандаж байснаа галзуурсан мэт хашгиран биднийг дуудах нь тэр. Тиймээ, биднийг хашгиралдаж байхыг олж сонссон бололтой нэг моторт завь биднийг чиглэн ирж байлаа. Тэр үед бид бүгдийн дотор ийм өчүүхэн бэрхшээлээс болж амьдрал, үхлийн талаар философи ярьж, уйлж унжицгааж байснаа бодоод ичсэн нэгэн байсан гэдэгт би л хувьдаа итгэлтэй байлаа. Харин бидний дотор огт зангаа өөрчлөөгүй цорын ганц хүн Жим байлаа. Тэр аврагдаж байгаагаа зүгээр л аялалын нэг хэсэг мэт тайван хүлээж авч байв.
2008-07-27

Арвандөрөв. ***

Завь хүрч ирэхэд бид мэнд усаа мэдэлцээд усан дээр гурав хонох шахсан тухайгаа хэлж уг моторт завь ч биднийг эрэг рүү хэсэгчлэн зөөж эхэллээ. Хамгийн түрүүн жуулчдыг ачаатай нь хамт эрэг рүү зөөлөө. Үүний дараа би үлдсэн ачаатай, жолоочтой хамт эрэг рүү хөдөллөө. Биднийг эрэг дээр ирэхтэй зэрэгцэн усан онгоцыг чирч авчирахаар бас нэг усан онгоц зөрж хөдөллөө. Биднийг уг эргийн амралтан дээр тухлаад удаагүй байхад Баяраа захирал орж ирлээ. Тэр энэ бүхнийг хотоос сонсоод Мөрөнгөөс тэр өдрөө л гарсан аж. Баяраа намайг сансарын утас эвдэлснийг мэдээд их санаа зовсон байдалтай толгой сэгсэрч утсаа авчирч үзүүлэхийг даалгалаа. Тэр утсыг найдваргүй болсоныг харсаны дараа утсыг авч би энэ утсыг хот руу өгч явуулна. Чи одоо энэ хүмүүсийг аваад цаашаа яв. Утсаар ярих боломжтой болсон үедээ заавал ярьж, юу болж байгаа тухайгаа хэлж байхыг даалгалаа. Би ч толгой дохин гэм хийсэн хүн шиг л дуугүй суулаа. Энэ өдөр бүх жуулчид амь аврагдсандаа баяртай, сэтгэл хангалуун байгаа нь царайнаас нь илт байлаа. Кэйт энэ бүхнийг тэмдэглэх хэрэгтэй гэж цагаан архи гарган бүгдэд хундаглаж өгөв. Гэсэн хэдий ч би маргааш өглөө нь Цэцэгээгээс намайг амрахаар явахад жуулчид Баяраа руу нийлж дайран барьж идэх нь холгүй байсан тухай сонссон юм. Түүний ярьж байгаагаар хамгийн их гомдоллож байсан нь Кэйт, Жэйн хоёр байсан аж. Гэсэн хэдий ч Баяраа өөрийн хамаг ур чадварыг шавхсан уу, эсвэл жуулчдад адал явдал таалагдсан уу ямар ч гэсэн бид аялалаа цааш үргэлжлүүлсэн юм. Ингээд бидний усан дээрх бяцхан адал явдал өндөрлөж цаашид улам их адал явдалтай тулгарах аялал маань үргэлжилсэн юм...
2008-07-27