Нэг.***
Хоёр. ***
Гурав. ***
Дөрөв. ***
Үдээс хойш 4 цаг болж байхад миний гэдэс хонхолзон өнөөдөр үдийн хоол идээгүй болохыг минь анхааруулж эхэллээ. Яг энэ үед утас минь дугарав. Энхмаагийн дугаараас дуудлага ирж байгааг хараад миний дотор бяцхан догдлох сэтгэл төрлөө. Би Энхмааг олон залуучуудтай уулздаг, явдалтай гэгдэх хүүхний нэг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ л над руу тэр болгон бүсгүй хүн хувийн асуудлаар ярьдаггүй учир нэг л сайхан санагдаж байлаа. Төмөрөө чи дээр намайг уулзъя гэхэд би завгүй байсан юм аа. Би амралтын өдрүүдэд завтай гэж хэлэх нь хоёулаа амралтын өдөр яасан ч яахав гэж хэлэхтэй адил сонсогдов. Би ойрд эмэгтэй хүнтэй учраагүй байсан бөгөөд би өөрийгөө бусадтай адил эмэгтэй хүнийг өөртөө дасган авах чадваргүй гэдэгтээ бүрэн итгэдэг болоод удаж байгаа юм. Надад хэзээ ч жинхэнэ найз бүсгүй гэж байдаггүй байлаа. Энхмаатай бол шууд танилцсан өдрөө хамт унтаж байлаа. Миний хайр сэтгэлийн асуудал нэг иймэрхүү замаар л зохицуулагддаг байв. Харин энэ удаагийн дуудлага нэг л өөр байлаа. Би Энхмааг надад үнэхээр онцгой хандаж байна гэдгийг түүний хоолойны өнгөнөөс мэдэрч байв. Бас гэдэс минь өлсөж байгаагаас илүүтэйгээр эмэгтэй хүн хүсэж байгаагаа ойлголоо. Би яг одоо ажлаа тарж байна хоёулаа нэг газар хамт орж хоол идье гэхэд тэр үүнийг хүлээж байсан мэт би одоо Орос ресторанд байна чи 30 минутын дараа хүрээд ирж чадах уу гэв.Тав. ***
Зургаа.***
Жуулчид онгоцны буудлаас уван цуван гарч ирсээр 6 хүн болох үед жолооч бид хоёр цүнхийг нь ачиж аваад Баянгол зочид буудал руу ухасхийж тэндээ жуулчдаа оруулаад буцлаа. Компани руу явж очих үед Саруул та өнөөдөр явж аялалд явах бэлтгэлээ хий, Хөвсгөлд их хүйтэн учир дулаан хувцас аваарай гэж хэлэв. Түүний дууны өнгө энэ удаад арай зөөлөрсөн санагдав. Би ч явж тэр өдрийг барааны захаар хэсэж өнгөрүүлэв. Маргааш өглөө эрт аялалд гарах байсан тул би энэ оройг бүтэн нойртой сайн унтаж өнгөрүүлэхээр шийдэж Энхмаатай утсаар ярьсаны дараа утсаа унтрааж тавиад толгойгоо дэрэн дээр тавингуут нам унтсан байлаа. Өглөө эрт жуулчидтайгаа нэг бүрчлэн танилцлаа. Бид өмнө нь онгоцны буудал дээр мэнд усаа мэдэлцсэн боловч яг хэн нь хэн бэ гэдгийг хараахан таньж амжаагүй байв. Жуулчдын хамгийн этгээд хүн нь Жим гэгч 60 хүрч байгаа болов уу гэмээр эр байв. Өрөөсөн хиймэл нүдтэй, шанааныхаа үсийг өнгө өнгийн тууз оруулан сүлжсэн, эртний Монгол ноёдыг санагдуулам ооч сахалтай эр байв. Тэрээр этгээд гадаад төрхтэйгээс гадна этгээд зан харьцаатай нэгэн байлаа. Жуулчид дотроос хэнтэй нь ч найзлахгүй, байнга өөрийн гэсэн орон зайг хадгалж яваа нь шууд нүдэнд тусч байв. Би хүмүүсийг ажиглахдаа хамгийн содон хүмүүсийг эхэлж ажигладаг зангаараа хамгийн түрүүнд Жимийг ажигласан байлаа. Дараа нь ээж, охин хоёр анхаарлыг минь татав. Ээж нь Мерри гэх буурал авгай байх бөгөөд үс нь буурлыг эс тооцвол хэн ч харсан сайхан бүсгүй гэж хэлэхээр залуухан төрхтэй, эелдэг хүн байв. Би гадаад хүмүүс яагаад ингэж сайхан хөгширдөг болохыг үргэлж гайхдаг байв. Түүний охин Жеси гэх годогоносон охин байх бөгөөд би 16, 17 орчим насны охин байх гэж бодсон нь тэдэнтэй ярилцах үед худлаа болж түүнийг 25 настай гэдгийг мэдэж авлаа. Тэрээр Америкт Англи хэлний багш хийдэг гэж өөрийгөө танилцуулахад ээж нь надад хандан чи манай охиноор англиар яаж зөв ярихыг заалгаж ав гэж зөвлөлөө. Бусдын яриаг үргэлж хүндэтгэлтэй сонсож, чимээгүй суух нэгэн аварга эр байсныг сүүлд Майк гэдгийг мэдэж авлаа. Тэрээр үргэлж Мандолин хөгжим үүрч явах бөгөөд Америкийн эртний дуунууд боловуу гэхээр дуунуудыг маш чадварлаг тоглож дуулдаг хүн байв. Дараа нь аварга Майкаас нуруу, биеэр дутахааргүй Швед улсаас ирсэн аварга эр Петертэй танилцлаа. Тэрээр Марио гэх компьютерийн тоглоом дээр гардаг гол баатартай их төстэй хүн байлаа. Хамар доороо том сахалтай гэнэн цайлган гэмээр яриатай хүн байлаа. Үүний дараа ямар ч хүнтэй найз байх чадвартай боловуу гэмээр яриа хөөрөөтэй надтай ойролцоо насны Канад залуу болох Пит байв. Пит Канадад аудитийн пүүст аудитор хийдэг чамгүй боловсролтой залуу байлаа. Түүний бусадтай харилцаж байгаа байдлыг харахад бусдын үгэнд хүч нэмсэн ганц хоёр үг хэлж, инээдтэй зүйл ярихад чанга инээхээс биш өөрийнхөө тухай ярих, ярианы гол тоглогч байх ямар ч бодолгүй байдаг нь анзаарагдав. Гэхдээ л тэр бусдын дунд үргэлж уриалагч маягийн дүрд тоглодог болох нь ойлгомжтой байв. Америктаа интернетийн худалдаа эрхэлдэг гэх Женнитэй мөн танилцав. Тэр жаахан охин шиг харагдах мөртлөө 40 нас хол хэвийсэн эмэгтэй байв. Мөн 50 орчим насны сайхан сэтгэлтэй Кэйт, Жэйн нар байв. Эхэндээ компаний ажилтнууд Кэйт, Жэйн хоёрыг маш их хэл амтай хүмүүс гэж гайхан ярихыг сонссон байсан учир их л болгоомжтой хандаж байлаа. Гэтэл удалгүй миний төсөөлөлт худлаа болох нь ажиглагдсан юм. Яг үнэндээ Кэйт, Жэйн хоёр бусад жуулчид дундаа зиндаа өндөртэй, хөрөнгө чинээтэй хүмүүс байлаа. Тиймдээ ч хэр баргийн зүйлс санаанд нь нийцдэггүй бөгөөд компаний Америк захирал надтай онцлон уулзаад байсан учир нь энэ удаагийн аялалд их өндөр зиндааны хүмүүс явж байгаад оршиж байжээ. Америк захирал намайг өөрийн биеээр хүлээн авч уулзсан нь энэ удаагийн аялалд онцгой анхаарал хандуулж байсан учиртай аж.
Долоо. ***
Найм. ***
Ес.***
Биднийг жуулчид дээр ирэх үед тэд лааны гэрэлд хөгжилтэй юм ярьж байгаа бололтой инээлдэн сууцгааж байв. Намайг ороод сайн ажиглах үед Жесси охины ээж Мерри толгой дээрээ чийгтэй алчуур тавьсан харагдлаа. Түүнийг нүдээ халхалж байсан алчуураа авахад царайд нь илт түгшсэн шинж ажиглагдлаа. Охиныг нь харахад тэр өрөөний нэг буланд уйтгарлан сууж байгаа харагдав. Жуулчдын хөгжилтэй яриаг ямар нэг аргаар үргэлжлүүлж байх нь энэ хүнд байдлыг давахад хэрэгтэй гэдгийг би ухаарч тэдний ярианд оролцож, хөгжөөхийг оролдож эхэллээ. Бид удалгүй унтахаар болцгоож, би тэдэнд удахгүй моторыг засаад хөдөлнө гэж тайвшруулаад гарч явав. Намайг онгоцны жолооч дээр эргэн ирэхэд тэр арга нь барагдаад тамхи татан сууж байв. Түүний ярианаас эргээс чирч явах завь дуудахаас өөр арга байхгүй болсоныг ойлголоо. Би компаниас надад хариуцуулж өгсөн сансарын утсаар Улаанбаатар руу залгалаа. Тэр шөнө их зузаан үүлтэй бороо шивэрч байсан учир утсанд сигнал ирэхгүй байлаа. Нэлээд удаан оролдсоны эцэст арай гэж холбогдлоо. Би Саруулд болсон явдлыг тайлбарлаж, яах тухай асуухад тэр нэг зүйл хэлсэн боловч утас шажигнан юу ч сонсогдсонгүй. Удалгүй утас шивэрч байсан борооноос болсон уу огт асахаа болив. Би утсыг Петерт үзүүлэхээр ороход жуулчид өөр, хоорондоо чихэлдэн унтаж байлаа. Петер босч ирэн толгойдоо зүүсэн гэрлээ асааж утсыг баахан оролдоод асааж дийлсэнгүй. Удалгүй бид хоёр дээр аварга биет Майк хүч нэмэгдүүлэн орж ирэв. Нэг мэдэхэд бүх жуулчид босч ирэн бид гурвын юу хийж байгааг ажиглаж байв. Бид гурав утсыг оролдоод асааж дийлсэнгүй. Би жуулчдын царайг ажиглан хартал тэд бүгд маш их түгшсэн болох нь илт байлаа. Тэд түгшсэн байдлаа янз бүрээр тайлбарлаж байлаа. Петер надад онгоцны тавцан дээр байхад хэрэв усан онгоц салхинд туугдаж явсаар эргийн хад мөргөвөл бид бүгд хүйтэн усанд живч үхнэ гэж хэлж байв. Би түүнд яагаад, бид сэлээд эрэг рүү гарчихна шүү дээ гэхэд, нуурын ус их хүйтэн байгаа, мөн хүйтэн усанд гэнэт орсон хүний шөрмөс татаж, сэлэх чадваргүй болдог гэж тайлбарлалаа. Би түүнд энэ тухай бусаддаа хэлэхгүй байхыг ятгасан юм. Жуулчид энэ аялалыг муу зохион байгуулсан байна, бид энэ тухай америк талын удирдлагуудад гомдол гаргана гэж хэлж байхыг сонслоо. Харин Петер бид хоёрын аминчлан ярьсан зүйлийн хувьд тэд энэ тухай хангалттай мэдлэгтэй болох нь илт байв.
Арав.***
Бидэнд хөлгийн тавцан дээр хоол гээд байх зүйл ч бараг байсангүй. Хөлөг салхинд дайвалзаж байсан учир бидний бүгдийнх нь дотор муухайрч байлаа. Би ч өөрийгөө хар багаасаа гэр хороололд өссөн, юм үзсэн, хэр баргийн зовлонг тоохооргүй хатуужсан гэж бодож байтал миний дотор муухайрч хөлгийн тавцангаас тонгойн бөөлжиж эхлэв. Хэсэг бөөлжөөд бие маань юу ч тамир тэнхээгүй болтлоо сулбайж орхилоо. Маргааш өдөр нь нуурын эрэг тэр чигтээ манантсан байсан бөгөөд эргээс тусламж дуудах ямар ч арга байсангүй. Бид бүтэн өдөржин дэмий ярьж суухаас өөр арга байсангүй. Би хөлгийн тавцангаар явж хүн бүртэй ярьж байсан учир хэн ямар байдалтай байгааг маш сайн мэдэж байлаа. Жессий охины ээж нүдээ бүлцийтэл уйлсан байв. Жуулчид дотор анх байсан шигээ байсан цорын ганц хүн Жим байлаа. Тэрээр зургийн аппаратаар эргийн мананг ширтсэн шигээ, ёстой л жаргалаа эдлэн зогсож байх нь тэр. Надад дандаа л гомдоллосон, уйтгарласан хүмүүстэй ярьж байхаар Жимтэй хэдэн үг солих нь их аятайхан санагдаж түүний дэргэд очин Хөвсгөл нуур ямар санагдаж байгааг асуулаа. Удалгүй бид түүний хувийн амьдралын талаар, ер нь амьдралын утга учир гэж юу болох гэх мэт өргөн хүрээнд ярьж эхэллээ. Түүний яриа, амьдралын талаарх ойлголт нь маш гүн, гүнзгий бөгөөд түүний ярианд түүний зэвүүн ч гэмээр харагдах шилэн нүд улам хүч нэмж байх шиг санагдлаа. Бидэн дээр бидний хөтөч болох Хөвсгөл нутгийн охин Цэцэгээ нэмэгдэж бид гурав шавайгаа ханатал философи ярьж авлаа. Цэцэгээ Улаанбаатарт Англи хэлний ангийн оюутан бөгөөд энэ аялалд Англи хэлний дадлага хийхээр явж байгаагаа ярьлаа. Мөн тэр Америкт амьдрах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Жим түүнд Хавайн их сургуулийн урилга явуулж болох юм гэж хэллээ. Жим ингэж хэлэхдээ над руу эрүүл нүдээ ирмэж Цэцгээг цаашлуулж байгаагаа илэрхийлж байлаа. Би тэр хоёрыг энэ савангийн хөөс шиг яриатай нь хамт орхиод бусад дээрээ очихоор явлаа. Иймэрхүү байдлаар цаг өнгөрөөх гэж оролдож байх хооронд Петер надад нэг мэргэн санаа хэллээ.
Арваннэг.***
Бид Петерийн санал болгосны дагуу онгоцон дээр байгаа төмөр поошигийг нүдэж чимээ гаргахаар боллоо. Бид бүгд л төмөр мод авцгаан чимээ гаргаж болох юу л байна бүгдийг нүдэж эхэллээ. Эрэг дээрээс биднийг хүн сонсоод хүрч ирж магадгүй гэж горьдсон бидний горьдлого удалгүй талаар болов. Бид юм нүдэж чимээ гаргахаас залхацгаав. Зарим нь хоолойгоо сөөтөл хашгирч ч үзлээ. Үнэхээр ч далай ээжийг басаж болохооргүй том аж. Удалгүй жолооч кабинаасаа хуучин ноорхой хувцаснууд гаргаж ирэн поошгинд хийж гал тавьлаа. Үүнийг ажиглаж байсан жуулчид тун мэргэн санаа болохыг ойлгож түүнд туслан элдвийн шатаах зүйл авчирч өгч байлаа. Удалгүй хөлөг дээр байсан том хар дугуйг авчирч шатааснаар бидний хүсэж байсан хар утаа суунаглаж эхэллээ. Удалгүй дугуй ч шатаж дуусаад орой болох тийш хандсан байсан тул бид буцан кабинд орж сууцгаалаа. Бид байсан идэх юмаа хувааж идэцгээв. Би энэ аялалд гол хариуцлагыг үүрч байгаа хүний хувьд, ийм байдалд орсонд өөрөө буруутай мэт санаа зовж байлаа. Яагаад ч юм би өөрийн хариуцлагаа ямагт дөвийлгөн боддог бөгөөд энэ магадгүй миний бусдаас магтаал сонсох дуртай байдаг зантай ч холбоотой байх. Тиймдээ ч надад үлдсэн жаахан хүнснээс идээд байх бодол байсангүй. Харин юм идэхгүй сууж байгаа ганц нэг жуулчинд идэх юм дөхүүлж өглөө. Хамгийн сүүлд өөртөө нэг давсалсан годгор хиам үлдээж аваад ганц хоёр хазсан боловч удалгүй уусан устай минь хамт бөөлжис болон гарч явлаа. Жолоодлогогүй хөлгийн тавцан дээр удаан байх үнэхээр ийм л байдаг аж. Салхи намуухан үед бага дайвалзах бөгөөд, ширүүсэх үед хүчтэй дайвалзан хамаг л идсэн, уусан зүйлсийг чинь гадагшлуулж дөнгөдөг аж. Бие минь маш сул байсан ч надад амарч суух бодол төрсөнгүй.Арван хоёр.***
Хөлгийн тавцан дээр уйлан сууж байгаа Цэцэгээ охин дээр очиж тайвшруулах гэж оролдлоо. Түүнд өөрийн идэж байсан тал хиамаа өгөхөд тэр идэхгүй гэдгээ илэрхийлж гараараа түлхлээ. Би ч ямар нэг үг хэлсэнгүй. Үнэндээ би хүмүүсийг тайвшруулах гэж явсаар байгаад тэднийг тайвшруулахаасаа илүүтэйгээр залхаасан байх магадлалтай. Би зүгээр л Цэцгээгийн дэргэд бараа болон суулаа. Цэцэгээ надад эмэгтэй хүний хувьд гэхээс илүүтэйгээр дүү шиг минь дотно санагдаж байлаа. Хэзээ ч тавьдаггүй хүүхэмсэг зангаа тэгэхэд би ор тас мартсан байлаа. Надад түүнийг мөрөөр нь тэвэрч суугаад тайвшруулах санаа төрсөн боловч ингэх нь түүний дотор намайг түүнд санаатай байгаа мэт сэтгэгдэл төрүүлж магадгүй санагдаж гараа татлаа. Тэр шөнийг би жолоочийн кабинд хэвтэн зүүрмэглэж өнгөрөөлөө. Маргааш өглөө нь жуулчид дээр очиход бүгд л ядарсан, аяншсан шинжтэй болсон байлаа. Урьд өдрийг бодоход эргийн манан арай шингэрсэн харагдаж байлаа. Петер ч угийн сүйхээтэй гэдгээ харуулж надаас онгоцонд шөнийн гэрэл байгаа эсэхийг асуулаа. Би жолоочоос асуухад, жолооч кабин дээр байгаа том прожекторыг заав. Бид алсад харагдах эрэг рүү прожекторыг чиглүүлэн аврах дохио өглөө. Аз болж тэр эрэг дээр амарч байгаа гадны жуулчин байвал бидний өгч буй дохиог ойлгох байлаа. Би ч үүнд нэмэр болох үүднээс бусад жуулчдад төмөр, модоо авч хангинуулж эхлэхийг уриаллаа. Би Женнид анх уулзсан үеээсээ хойш салахгүй өмсөж байгаа улаан цамцаа авч эргэлдүүлэхийг даалгалаа. Бид хэсэгтээ л галзуу юм шиг орилолдоцгоов. Харамсалтай нь эрэг биднээс даан ч хол байлаа.